2014/05/19

Залуучуудын төвийн танилцуулга




Залуучуудын төв
            Нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтанд хамруулж чадамжийн гэрчилгээ олгож хөдөлмөрт зуучлан амьдралд бэлтгэх зорилготой төв юм.
Залуучуудын энэхүү асуудал 1995 оноос хойш хөндөгдөж олон жилийн нүүр үзэж байгаа боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн. Уг асуудлыг шийдвэрлэхээр НЗДарга бодлогын хүрээнд авч үзэж Япон улсын Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар УБ хотын НАА-г сайжруулах II дахь төсөл”-ийн хүрээнд Залуучуудын төвийг барьж байгуулан 2013 оны 03 сард ашиглалтанд оруулсан. Манай төв нь залуучуудыг бие даан амьдрахад зориулан нэг өрөөнд 4 хүн,  2 өрөөний дунд нэг гал тогоо, бие засах газар, угаалгын өрөө байхаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 70-80 залуучуудыг хүлээн авах хүчин чадалтай юм.
Мэргэжил олгох сургалт
  Хүүхэд–Залуучуудын  сургалт хүмүүжлийн   тусгай  цогцолборын   Залуучуудын     төвд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон ТТБ-н нийт 40 орчим хүүхдийн асрамж халамжийн  төвд амьдарч, сурч, хүмүүжиж байгаа, өнчин, насанд хүрээд очих газар, орон гэр байхгүйн улмаас төрөөс зайлшгүй халамж анхаарал шаардсан залуучуудыг байршуулан мэргэжил эзэмшүүлэх зорилгоор тус төвийн дэргэд залуучуудын мэргэжил сургалтын төвийг барьж байгуулснаар НЗД-ын 2013-03-01-ний өдрийн 150 дугаар захирамжаар Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор болж 18-21 насны залуучуудыг хүлээн авч байрлуулан түргэвчилсэн мэргэжлийн сургалтуудад  хамруулж байна.
Мэргэжлийн сургалтын зорилт нь: Орон гэргүй насанд хүрсэн залуучуудыг мэдлэг, ур чадвар, дадалыг бүрэн эзэмшүүлэж  мэргэжлийн өндөр ур чадварт сургаж ажлын байртай болж, хөдөлмөрийнхөө хөлсөөр орон гэртэй болж нийгэмших, хамт олонтой болох, төлөвших, амьдралд бэлтгэгдэх өөртөө илтгэлтэй болгоход оршино.
Сургалтын зорилго нь:  Суралцагч нь тухайн мэргэжлээр суралцахдаа хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чаддаг болох, гар болон цахилгаан багажаар ажиллах чадвартай болох, ажилд хэрэглэгдэх материалыг сонгож чадвартай болж, ажил олгогчийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан болно. Манай төв нь доорхи 5-н мэргэжлээр сургалт явуулж байна.
Үүнд: 1.Барилгын өргөн мэргэжил
          2.Мужаан
          3.Зочид буудлын аж ахуйн ажилтан
          4.Гэр бүлийн асаргаа үйлчилгээний ажилтан
          5.Гутал  засвар
5-н мэргэжлээр 45 хоногийн хугацаатай  явагдах ба онолын  болон  дадлагын  сургалтаар  мэргэжилтэй ажилтан  болох юм.