2014/08/05

“ТАЛ НУТГИЙН ХҮҮХДҮҮД” эх орондоо ирлээ.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь 2013 онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Kinderkulturkarawane” буюу “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтанд тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авсан юм.
Хамтлаг нь тус Цогцолборын Захиргааны албаны дарга Д.Буянтогтохын удирдлаган доор 2014.05.28. - 07.17.-ныг хүртэл 50 хоног ХБНГУ болон Австрийн 18 хотын Хүүхдийн
урлагын фестивал, Байгал орчны баяр, Хүүхдийн театрын чуулган, Европын сайн дурын театруудын фестивал, Усан боомтын, Циркчдийн болон дүүргийн зэрэг баяр наадмуудаар аялан тоглолтоо амжилттай  хийгээд саяхан буцаж ирээд байна.
 Хүүхдийн төвд олон жил амьдран сурлага хүмүүжил, урлагын авъяасаараа бусдаасаа шалгарсан хамтлагын гишүүд нь тоглолтынхоо явцад Герман, Австри, Франц болон Швецарь зэрэг орнуудаар аялан тэдний соёл иргэншил, түүх ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ үзэгчид, үе тэнгийнхэндээ Монголынхоо нүүдлийн соёл иргэншил болох хөдөөгийн малчдын ахуй амьдрал, уламжлалт зан заншлаас үүдэлтэй морин хуурын тоглолт, хөөмий, үндэсний болон орчин үеийн бүжгээс бүрдсэн бүрэн хэмжээний үрлагын хөтөлбөрөө толилуулахын хамт сургуулиуд дээр уулзалтуудыг зохион байгуулан өөрсдийн одоогийн амьдрал болон ирээдүйн хүсэл зорилгынхоо талаар чөлөөтэй ярилцан танилцаж олон шинэ найзуудтай болсон юм.
Хамтлаг нь дээрх орнуудад хүүхдийн болон залуучуудын амралтын төвүүд, зочид буудлаас гадна хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг айлуудад уригдан хонож хүүхдүүдтэй нь тоглон аялал зугаалга, үзвэр үйлчилгээнд хамт оролцон чөлөөт цагаа зугаатай сайхан өнгөрүүлж байлаа.
 Ийнхүү баруун Европын өндөр хөгжилтэй орнуудаар аялан монголчуудын хэлдгээр юм үзэж нүд тайлсан хүүхдүүд маань хичээл сурлагадаа улам шамдан гадаад хэл эзэмшин дээрх орнуудад инженер, эдийн засгийн чиглэлээр суралцах чин хүсэл зорилго тээн  эх орондоо эргэн ирээд өөрсдийнхөө “Од” зусландаа амарч байна.
 
 

 
 

 

No comments:

Post a Comment