2015/05/14

Асралт төв ТББ-аас “Хүнд нөхцөл дэх хүүхэд залуустай ажиллах арга зүй” сургалтыг цогцолборын багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт зохион байгууллаа.



            “Асралт төв” ТББ нь 2008 оноос эхлэн манай байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд эмзэг бүлгийн хүүхэд залууст оюуны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн Бурханы шашны, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.
           Тус байгууллагаас энэ онд “Хүнд нөхцөл дэх хүүхэд залуустай ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг цогцолборын хүүхэд залуустай ажилладаг 20 гаруй багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарт 3 удаа /2015 оны 03 сарын 24, 04 сарын 07, 05 сарын 12/ зохион байгуулсан. Сургалтыг Швейцарь улсын иргэн, нийгэм сэтгэл судлаач, Ueli  Minder багш удирдан зохион байгуулсан. Ueli Minder багш өмнө нь Швейцарь улсын засгийн газарт ажиллаж байхдаа хар тамхи, мансууруулах бодисонд донтсон залуустай болон тэдгээр залууст үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нартай ажиллаж байсан туршлагаасаа манай багш, ажилтан нарт хуваалцсан юм.
            Сургалт зохион байгуулахаас өмнө сургалтад хамрагдах багш, нийгмийн ажилтан нараас хүүхэд залуустай ажиллахад гардаг хүндрэл бэрхшээлүүдийг бичүүлэн авч түүн дээр үндэслэн бидний ажилд хэрэгтэй мэдээ мэдээлэл өгч, арга зүй, шинэ санаануудыг заасан.  Тухайлбал:

  • Хүмүүс хоорондын харилцаа – итгэл найдвар
  • Хүн бүрийн оролцоо – тэгш байдал
  • Сэтгэл зүйн байдал- хэв шинж
  • Сонсох чадвар
  • Өсвөр насны болон халамжийн төвд амьдардаг хүүхдийн онцлог 
  • Тулгарч буй асуудал бэрхшээлийг даван туулах-хэрхэн шийдвэрлэх
  • Хүүхэд бүрийг хөгжүүлэх-нийгмийн ур чадварт сургах

 Мөн манай байгууллагын номын санд “Сургамжит өгүүллэгүүд” цуврал 1-6, “Хүүхдийг нийгмийн ур чадварт сургах 101 арга” номнуудыг бэлэглэж багш нарыг ажилдаа ашиглахыг зөвлөсөн.
           Сонирхолтой жишээн дээр тулгуурласан, туршлага мэдээлэл солилцсон, оролцоог нэмэгдүүлж, шинэлэг арга зүйг түгээсэн үр дүнтэй сургалт зохион байгуулсан “Асралт төв” ТББ, Ueli Minder багшийн цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе. 




No comments:

Post a Comment