Манай байгууллагын хүүхдүүд, багш ажиллагсад уламжлал ёсоор улсын их баяр наадмаа “Од” зусландаа 07 сарын 05-нд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Есөн хөлт цагаан тугаан хүндэтгэлтэйгээр залж, эрийн гурван наадмаа хүүхдүүдийнхээ бэлтгэсэн урлагийн тоглолтоор чимж, хүчит бөхөө барилдуулан, хурдан хүлгийн уралдаандаа хөөрхөн хүүхдүүдээ сойн гүйлгэж, хүүхдүүдээ наадмын хуушуур, хорхог, айргаар дайлж баярын бэлэг өгөн сэтгэл дүүрэн, магнай тэнэгэр сайхан наадлаа.
Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаанд маань M Show Entertainment, Турк улсын KIMSE YOKMU /Хэн ч байхгүй юу/ олон улсын хүмүүнлэгийн байгууллагынхан хүрэлцэн ирж хүүхдүүдэд циркийн тоглолт, ая дууны мэндчилгээ дэвшүүлэн Турк үндэсний хоол амттан чихэр жимсээр дайлан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлье. МУСТА, Олон улсын циркийн шагналт жүжигчин Ариунбуян , ТВ-8 телевизийн “Монстер-2012” шоуны Гранфри шагналт дуучин Ихбаяр нар баярын мэндчилгээ дэвшүүлж уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан.
Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг албан байгууллага, хувь хүмүүс Та бүхэн сайхан наадаарай.
No comments:
Post a Comment