2015/08/12

Олон улсын “Summercamp 2015”


2015 .07.30 - 08.10. хооронд зохиогдсон Ирланд, Турк, Монгол, Германы хүүхэд залуучуудын Олон улсын Summercamp-т цогцолбороо төлөөлөн манай 6 хүүхэд, залуус захиргааны албаны даргын хамт оролцоод ирлээ.
Уг арга хэмжээ нь бидэнтэй олон жил хамтарч ажилласан Германы Сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбоо /AdB/-ны гишүүн Hattingen хотын Залуучуудын Welper сургалтын төвийн хамт олон хатагтай Birgitte Christiansen-ы удирдлаган доор дээрх орнуудын залуусын сэтгэл зүрхэнд хоногшсон үл мартагдам сайхан зохион байгуулагдсан юм. Гадаадын оролцогч залуус нь манайхантай ижил нийгмийн давхаргынх байсан нь харилцан ойлголцох, бие биенээ танин мэдэж нөхөрлөн найзлахад илүү дөхөмтэй байлаа.
Анх удаа хилийн дээс гишгэн гадаад орныг зорьсон залууст маань хэлний бага зэргийн бэрхшээл байснаас хөтөлбөрийн дагуу зохиогдсон театрын жүжигчилсэн, найруулга зүй-эссэ бичих мөн бүжгийн сургалтуудад идэвхитэй сайн оролцож бусад орны залуустай мөр зэрэгцэн хамтран суралцлаа. Амралт чөлөөт цагаараа  бартаа саадыг даван өөрийгөө шалгах, цэцэрлэгт хүрээлэнд олсоор дамжин багаараа модонд авиралт хийх, усан санд сэлэх, Dortmund, Bochum, Duisburg, Essen зэрэг хотуудаар хийсэн аялалд оролцон монгол залуу хүний ид хавыг гайхуулж байсан юм.
Дээрхи оролцогч орнууд нэгэн үдшийг өөрийн орны нэрэмжит орой болгон зохион байгуулж байсны хамгийн үзүүштэй, өөрийн орны соёл урлаг, зан заншлыг гаргаж чадсан оройгоор Монголын орой шалгарсанд бид баярлан хүлээн ач өөрсдөөрөө бахархах сэтгэл төрөн омогшиж байснаа өгүүлэхэд таатай байна.
Summercamp-т оролцсон  залуус маань гадаадын үе тэнгийнхэнтэйгээ дотносон танилцаж, тэдэнтэй харилцан суралцаж, өөрийгөө нээж хүмүүстэй харилцах төдийгүй өөрийгөө илэрхийлж сурсны зэрэгцээ “хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирнэ” хэмээсний  дагуу өөртөө тодорхой зорилго тавин ирээдүйн амьдралдаа хэрэгтэй олон мэдлэг мэдээллээр аяны богцоо дүүргэн арвин олзтойгоор эх нутагтаа эргэн ирлээ.
Дуутай хууртай, хөгжөөнтэй наргиантай сэтгэлд хоногшиж  өнгөрсөн Summercamp нь ирэх жил Туркын Стамбул хотод болох бөгөөд бид сурлага, сахилга батаар тэргүүний залуусаа оролцуулах боломж байгааг  энд дурдах нь зүйтэй билээ.
Энэхүү арга хэмжээнд оролцох залуусын замын зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “ЦЭЦЭГЛЭХ ИРЭЭДҮЙ” ТББ-ын хамт олон, оролцох боломжоор хангасан Welper төвийн ахлах ажилтан, хатагтай B. Cristiansen  болон биднийг дэмжин тал бүрийн дэмжлэг үзүүлсэн байгууллагынхаа хамт олон, хувь хүмүүст гүн талархал илэрхийлэн сайн сайхныг хүсэн ерөөе.
Ирэх жил-2016 онд турк найзуудынхаа урилгаар эртний түүх соёлын өв болсон Стамбул хотод баяртайгаар эргэн уулзацгаая найзуудаа.






















No comments:

Post a Comment