2017/01/20

“Малчдад туслах аян”-д бид нэгдлээ


Монгол улсын хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчин ард түмэндээ сэтгэлийн тусламж болгож хүүхдүүд, багш, ажилчид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан хурга, ишиг, тугалын нэмнээ хийх сайн үйлсийн аяныг 2017 оны 01 сарын 13-аас 19-ний хооронд зохион байгууллаа.
Тус аяныг Худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулсан ба тэдний захиалгаар хүүхэд, залуучууд, багш, ажилчид нийлээд 530 ширхэг нэмнээ оёсноос 211 ширхэг тугалын нэмнээ, 319 ширхэг хурга ишигний нэмнээ оёж Худалдаа хөгжлийн банкны хамт олонд гардуулан өглөө. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийн бүтээлч чадвар нэмэгдэж гар болон цахилгаан оёдлын машиныг эзэмшиж сурах, гараар зөв оёж сурах зэрэг амьдрах ухааны чадваруудад суралцсанаас гадна Монгол улсын иргэний хувьд нийгмийнхээ сайн сайхан үйлст өөрсдийн хувь нэмэрээ оруулж байгаадаа хүүхэд залуучууд маань маш их баяртай байсан юм.

Энэхүү аянд идэвхи зүтгэлтэй, санаачлагатай оролцсон  хүүхдүүдийг шалгаруулж Худалдаа хөгжлийн банкнаас хүүхэд тус бүрд хадгаламжийн данс нээж мөнгөн урамшуулал олгосон ба мөн амьдрах ухааны сургалтын материалын дэмжлэг үзүүлсэн нь хүүхдүүдэд барьж байгаа бас нэгэн бэлэг байлаа.

Монгол улсынхаа сайн сайхны төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү аяныг хамтран зохион байгуулж санхүүжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны хамт олонд талархалаа илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай







No comments:

Post a Comment