Цогцолборын
биеийн тамирын заал анх 2008 онд ашиглалтанд орсноосоо хойш засварт ороогүйгээс
дээврээс нь бороо цасны ус гоожин хана таазыг нь хөгцрүүлэн мөөгөнцөртсөн,
өвлийн цагт хүйтэн, гэрэлтүүлэг муутай, тохигүй хүүхэд залуус тоглох, спортоор
хичээллэхэд хүндрэлтэй байдал үүсээд удсан юм.
ХБНГУ-аас Монголд суугаа ЭСЯ-нд бид дээрх байдлаа танилцуулан төсөл боловсруулан хүсэлт тавьсныг тус ЭСЯ хүлээн авч буцалтгүй тусламжийн санхүүжилтээр заалыг иж бүрэн засах мөн ширээний теннис, биллиардны байрыг шинээр өргөтгөн барих боломжийг бий болгож өгсөн билээ.
2017 оны 6 дугаар сарын 02 -ны өдөр шинээр засвар хийсэн заалныхаа нээлтийн үйл ажиллагааг хүүхэд залуус, зочдынхоо хамт хийсэн юм.
Нээлтэнд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч НЗД-ын орлогч Д.Энхтөр зэрэг зочид хүрэлцэн ирж оролцон хүүхэд залууст спортын өндөр амжилт хүсэхийн хамтаар зөв хүн болон төлөвшиж улс эх орондоо их зүйлийг бүтээхийг хүсэн ерөөсөн юм.
Хүндэт зочиддоо манай хүүхэд залуус бэсрэг урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Их засварын болон өргөтгөлийн барилгын ажлыг дотоод нөөц бололцоогоо ашиглан аж ахуйн ажилчид мөн залуучуудын төвийн мужаан болон барилгын мэргэжлийн багш, суралцагч залуусын хамтаар хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн билээ.
Ийнхүү зохион байгуулсан нь зардал хэмнээд зогсоогүй харин ч мужаан болон барилгын мэргэжлийн суралцагч залуус сурсан мэдлэгээ дадлага ажил дээр гүйцэтгэх таатай боломжыг бий болгож чадсан төдийгүй тохилог, дулаан, гэрэл гэгээтэй зааландаа хүүхэд залуус маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлж их спортын талбарт амжилт гаргах таатай боломж бүрдсэнд бид бүхэн баяртай байгаагийн зэрэгцээ тусламжийн халуун гараа сунгасан Герман ах, эгч нартаа баярласан талархсанаа дахин илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөж байна.
No comments:
Post a Comment