2019/04/29

МИШЭЭЛ ХҮҮХДИЙН САН-АСРАМЖИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ТӨСЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

Цогцолборт амьдарч сурч хүмүүжиж байгаа хүүхдүүд суурь өвчлөл ихтэй ирдэгийн 90-95% нь шүдний өвчлөлтэй хүүхдүүд байдаг. Энэхүү эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Германы Евро-Хаан компани үнэтэй хувь нэмэр оруулан 30 сая төгрөгийг Мишээл хүүхдийн санд хандивласнаар уг сангийн харъяа Happy family шүдний эмнэлгээр дамжуулан хүүхдүүддээ иж бүрэн шүдний эмчилгээ хийлгүүлэх боломж бүрдсэн юм.


Цогцолборт амьдарч байгаа нийт хүүхдүүдийг шүдний иж бүрэн эмчилгээнд хамруулах хамтын ажиллагааны нээлтийн арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Дуфль, Евро-Хаан компаний гүйцэтгэх захирал Оливер, Мишээл хүүхдийн сангийн эрүүл ахуйч Габриэлла, эмч Анударь, Happy family шүдний эмнэлгийн эмч Гангамаа, Ганцэцэг, Трансвест компаний захирал Ларри Пикэн, Герман Монголын бизнес эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Медклийн компаний захирал Гантөмөр болон бусад холбогдох байгууллагуудын албаны хүмүүс оролцож энэхүү үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. 

Энэ нээлтийн арга хэмжээнд  Евро-Хаан компаний гүйцэтгэх захирал Оливер хандивийн 30 сая төгрөгийн батламжийг Мишээл санд гардуулан өгсөн ба хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх ажилд дэмжлэг үзүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.  Түүнчлэн ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Дуфль өмнө нь цогцолборын хүүхдүүдийн чөлөөт цагийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хөл бөмбөгийн талбай байгуулж өгч байсан бол одоо хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид дахин тусалж дэмжихэд таатай байна гэдгээ хэлсэн юм.


Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүдэд шүдний эмчилгээг хийгээд зогсохгүй шүдээ арчлах хамгаалах зөв дадал олгох сургалт сурталчилгааны ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж хүүхдүүдэд эрүүл ахуйн дадал чадварыг эзэмшүүлэх ач холбогдолтой юм. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийж хүүхдүүдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уг сангийн хамт олон болон Евро-Хаан компаний хамт олонд талархал илэрхийлж байна. 




No comments:

Post a Comment