“Хүүхэд-залуучуудын шүдийг эмчлэх” төсөл нь Монгол улсад үйл ажиллагаа
явуулдаг Оливер Шнорр захиралтай германы “Euro Khan” ХХК-ний зүгээс 2019 онд
30,0 сая хандивласнаар хэрэгжих боломжтой болсон юм.
Энэхүү төслийг санаачлагч, бидний олон жилийн найдвартай түнш, “Мишээл сан”-гийн тэргүүн, шүдний эмч, хатагтай Габриелла Корситто-гийн идэвхи зүтгэлийн хүчээр “Happy Family” шүдний эмнэлэгт нийт 101 хүүхэд, залуусын шүдийг эмчилж дуусаад байна.
Төсөл хэрэгжих 1 жилийн хугацаанд 90 хүүхдэд 365 ломбо тавьж, 27 хүүхдэд 44 удаа сувгийн эмчилгээ, 48 хүүхдэд 71 удаа мэдээгүйжүүлэлт, 1 хүүхдэд шүдэлбэр тус тус хийж, 38 хүүхдийн 67 шүдийг авч, 63 хүүхдийн бүх шүднүүдийг цэвэрлэж, давтан үзлэгт 4 хүүхдийг хамруулж, хамгийн өртөг ихтэй 1 хүүхдийн эмчилгээний зардал нь 650.000, хамгийн хямд нь 40.000 төгрөг болж, эмчилгээ үйлчилгээг амжилттай хийсэн байна.
Төслийн сүүлчийн шат болох хяналтын үзлэгийг 2020.05.08-нд цогцолборын байранд хийсэн бөгөөд “Happy Family” шүдний эмнэлэг нь хүлээсэн үүргээ чанартай сайн биелүүлсэн болохыг давхар баталгаажуулсан арга хэмжээ болж өндөрлөсөн юм.
Хяналтын
үзлэгийн үеэр гол санхүүжүүлэгч болох “Euro Khan” ХХК-ний Үйл ажиллагаа
хариуцсан захирал, хатагтай Я.Оюунгэрэл хүрэлцэн ирж зорилтот бүлгийн хүүхэд
залуусын амьдарч, сурч байгаа орчин нөхцөл, төсөл хэрхэн амжилттай явагдаж
дуусаж байгаа талаар төслийн удирдагчтай уулзаж цаашид хамтран ажиллах талаар
санал бодлоо солилцсон уулзалтыг хийсэн юм.
Тус төслийн үр дүнд манай хүүхдүүд шүдний өвчнөөсөө салж, нүүр дүүрэн баясгалантайгаар инээмсэглэж чаддаг болсон төдийгүй шүдээ хэрхэн зөв угаах, амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих талаар мэдлэгтэй болцгоосон байна.
Зорилтот бүлгийн хүүхэд залуусын өртөг өндөртэй шүдний иж бүрэн эмчилгээг хийхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн “Euro Khan” ХХК-ний захирал, ноён О.Шнорр, “Мишээл сан”-гийн тэргүүн, хатагтай Габриелла болон “Happy Family” шүдний эмнэлэгийн хамт олон Та бүхэнд хүүхэд залуучуудынхаа нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.
No comments:
Post a Comment